2024.01.22 - 2024.01.26

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Эрсдэлийг хүлээн авч зоригтой алхам хий.

Та үүндээ харамсахгүй."

- Элон Маск

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,397.02 нэгжид хүрч 0.98%-ийн уналттай хаагдлаа. "Steppe Gold" компани "Boroo Gold LLC" компанийг өөртөө нэгтгэлээ. Үүний үр дүнд тус компани 2024, 2025 онд 30,000 унц алт олборлох хүлээлттэй байсан бол 90,000 унц алт олборлох боломжтой болж байгаа аж. Тус компани нь "ATO Gold Mine phase 2" эхлэх үед буюу 2026 оноос эхлэн 160,000 унц алт олборлож эхлэх тооцоололтой байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс болон DJIA индекс нар өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө хадгалснаар бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ. Зах зээлийн үргэлжилсэн өсөлтөд АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч буй, инфляцын түвшний үргэлжилсэн бууралт, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй үзүүлэлтүүд болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү тун удахгүй буурч эхлэх төлөвтэй байгаа зэрэг нь голлон эерэг нөлөө үзүүлж байна. Өнгөрөгч 7 хоногт "Tesla" компани 2023 оны 4-р улирлын тайлангаа танилцуулсан ба тус компанийн 4-р улирлын борлуулалтын орлого болон цэвэр ашиг нь хүлээлтэд хүрсэнгүй. Мөн тус компанийн зүгээс 2024 онд компанийн өсөлт удаашрах төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Улмаар хувьцааны ханш нь 13.64%-иар уналаа. Үүний эсрэгээр, "Netflix" компанийн хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн нь тус компанийн хувьцааны ханш өсөхөд нөлөөллөө.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын томоохон хувьцаат компаниудын 2023 оны 4-р улирлын тайлан сайн гарсан болон БНХАУ-аас эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад голлон нөлөөллөө. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 2.32%, STOXX Europe 600 индекс 3.11%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Мөн Европын төв банкнаас ээлжит Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын төв банкны Ерөнхийлөгч Мөнгөний хэт зөөлөн бодлого үр дүнгээ өгч, тогтвортой инфляцын түвшний нөхцөл хангагдаж байгааг онцоллоо. Энэ нь хөрөнгө оруулагчдад Мөнгөний бодлогод өөрчлөлт гарч болзошгүй гэх дохиог өгч улмаар тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.59%, TOPIX индекс 0.49%-ийн тус тус уналттай хаагдлаа.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

Бээжин хот эдийн засгаа дэмжих арга хэмжээ авсны улмаас БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.75%, CSI 300 индекс 1.96%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын төв банк буюу Ардын банк 2 сарын 5-д болох хурлаар арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гаргах дохиог зах зээлд өглөө. Тодруулбал, заавал байлгах нөөцийн харьцааг 50 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байна. Мөн төв банкны зүгээс хөдөө аж ахуй, жижиг дунд бизнесийг дэмжихээр тухайн сегментийн зээлийг хүүг 0.25%-иар бууруулна хэмээн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 7 хоногт өөрчлөлт багатай буюу 4.14%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.66%-иас 0.71% хүрч өслөө. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ТАХЬКО" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

 2024.01.25 


"Тахько" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцон, нийт нийт 128,291,364 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгохоор шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй

"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2024.01.23 


"Газар шим үйлдвэр" ХК олон нийтэд 198,113,207 ширхэг энгийн хувьцааг санал болгон арилжиж, 10,499,999,971 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгөөс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг хасч, цэвэр татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 9,597,186,935.1 төгрөгийг дараах байдлаар зарцуулсан байна. Үүнд: 

  1. Ногоон зооринд 3.52% буюу 178.2 сая төгрөг,

  2. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд 24.3% буюу 64.2 сая төгрөг, 

  3. Тоног төхөөрөмж шинэчлэлтэд 100% буюу 921.9 сая төгрөг,

  4. Эргэлтийн хөрөнгөд 100% буюу 1.05 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Аялал жуулчлалыг идэвхжүүлэх “GoMongolia” брэндийг олон улсад танилцуулав

 2024.01.26 


Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр 2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүн гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байна. Мөн Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэж, гадаад нэр хүнд өсөн, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг тодотгожээ.

Дэлгэрэнгүй

2023 онд байгалийн гамшгийн улмаас эдийн засагт учирсан хохирлын хэмжээ $380 тэрбум хүрчээ

 2024.01.25 


2023 онд дэлхийн хэмжээнд тохиолдсон томоохон байгалийн гамшгуудын эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 380 тэрбум ам доллар хүрсэн нь сүүлийн 20 гаруй жилийн дунджаас 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнд хүчтэй газар хөдлөлт болон үер усны гамшиг голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй